Бүгд л мэддэг зүйл....

Ойрын үед энэ талаар маш их бодох боллоо. Ер нь ч нилээн хурц сэдэв байх. Би нэг иймэрхүү зүйл төсөөлдөг юм.

Хүн бүр хувь хувьдаа, өөрийн үүргийг ягштал биелүүлж, бие биеээ, өөрийгөө хүндэлдэг төлөвшсөн ард иргэдтэй бие, нэгжүүд л бодитой хөгжилд хүрч чадна.

Бие, нэгж гэж үү? Энэ бол, би энд Дэлхийн, улсын, хотын, орон нутгийн хөгжил гэхээсээ гадна гэр бүлийн, хувь хүний хөгжилийг ч бас чухалд тооцон хэлэх гэсэнээ илэрхийлсэн юм. Учир нь эдгээрийн хэмжээ нь л өөр өөр болохоос бус, мөн чанар, зарчим хийгээд утга учир нь надад яг л адилхан юм шиг санагддаг.

Хүмүүс "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэж хэлдэг. Энэ үнэн үг. Гэхдээ тэрхүү засах алхамууд нь дараа дарааллан биш, зэрэг зэрэг л явагддаг юм шиг байгаан. Өөрөөр хэлбэл, хамгийн бага нэгжүүдийн ажиллагаа зөв, цэгцрээд ирэхийн цагт бүхэл нь аяаааандаа зөв голдиролдоо ороод ирэх ёстой.

Би өөрийгөө таниж мэдээд ирэхийн цагт өөрийн сул, давуу, буруу зүйлсийг илрүүлж, засахыг нь засаад, хичээхээ хичээж, сайныгаа улам нэмж өнгөлөөд явбал, үр хүүхдүүд минь мөн адил төлөвшиж, хань ижил маань ч биеэ хичээгээд ирнэ. Яах аргагүй үнэн зүйл шүү дээ. За хань ижил ямар ч байж болно гэхэд, хүүхдүүд бол яг л миний тусгал байдаг нь яах аргагүй үнэн. Би тэднийг хүмүүжүүлэх гэж хичнээн оролдсон ч өөрөөсөө өөр хүн бологож огт чадахгүй.

Ингээд л ар гэр минь надтай хамт цэгцрээд ирж байгаа юм. Үүний хажуугаар ажил төрөл ч өөдрөг сайхан болж, бүтээмжээ дээшлүүлэн, урам зоригтой, стрессгүй болсон би нь ёстой, сайн сайхныг бүтээж, муу муухайг нурааж чадах болно доо. Энэ бол хөгжил дэвшил яах аргагүй мөн. Гараас минь гарах бүхэн надад, бас миний хотод, миний эх оронд хэрэгтэй зүйлс байж чадвал энэ хөгжил дэвшил шүү дээ.

Гэхдээ нэгж томрох тусам дотоод механизм мөн томрох ёстой болно. Хэрэв би анхнаасаа өөрийгөө бүрэн хөгжүүлж чадсан бол багаар ажиллах, харилцан ойлголцох гэдэг мөн л хялбар зүйл болж чадсан байх учиртай. Гэвч бодит байдал дээр, эвлэлдэн нэгдэх гэдэг нь маш хэцүү зүйл гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин үүний гарц нь бүх багийнхны эрх ашгийг хэрэгжүүлэх буюу нийтлэх ашиг сонирхолд тулгуурласан НЭГДМЭЛ ЗОРИЛГО юм. Тодруулбал: Гишүүн бүр өөр өөрийн ашиг сонирхолын төлөө биш, хэн бүхэнд ашигтай байх зүйлийн төлөө ажиллах. Ингэснээр өөрийн сонирхолыг хамгаалахын тулд бусдаар туслуулж, хариуд нь өөрийн тусыг өгч байгаа гэдгээ бүрэн сайн ойлгох хэрэгтэй.

Гэтэл багийн гишүүдээ өрсөлдөгч, дайсан мэтээр харж, зөвхөн өөрийн сонирхолын төлөө улайрч, ганц өөрийн ашигийн төлөө ажилласнаар бүгдийн, өөрийнхөө ч сонирхолыг үнэгүй, утгагүй, үр дүнгүй болгоод байгаа юм. Энэ бүхэн хэдий том нэгж дээр яригдах тусам иймэрхүү үр дагаварыг тооцход хэцүү, хугацаа нь хол байдаг ч иймэрхүү үйлдэл хийж байгаа хүн бүр өөрийн бурууг дотороо мэдэрч, үгүй ядахнаа л нэг л зүйл болж өгөхгүй байгаа мэдрэмж төрж, байнга бухимдалтай явах болдог билээ.

Одоо шулуухан хэлье. Хэдийгээр улс орон маань нэг үеэ бодвол нилээд өөрчлөгдөж байгаа ч үүнээс илүү хурдан, үр дүнтэй, зөв хөгжих гарц, боломж бий. Энэ гарц бол иргэдийн төлөвшил, боловсрол, гэр бүлүүдийн тогтвортой, дулаан уур амьсгал юм. Гэр бүлүүд түвшин байвал хүүхдүүд зөв хүн болж төлөвшөөд энэ баян, бяцхан орныг аяандаа мөрлөөд өндийлгөчихнө. Харин гэр бүлүүдээ анзаарахгүй орхиод уул уурхай, эдийн засаг, бла бла-г мянга хөгжүүлэээд үр дүнгүйн дээр, түүнийг залгамжлан явах халаагүй бол харин ч бусдын хоол болох бишүү?


Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л