Заяаны хань минь мөн үү?

Мөн. Миний хань бол яах аргагүй миний л заяаны хань. Гэхдээ энд өөрийнхөө тухай биш, өөрийн ханыг заяаны мөн бишийг хэрхэн таних тухай өөрийн бодолоос бичих гэж байна.

Заяаны ханийн тухай яриаг яах аргагүй "Анхны хайр"-аас эхлэх хэрэгтэй. Хэн чиний анхны хайр байсан бэ? эсвэл учирч амсан уу? Би хэлье. Би чамайг танидаг ч бай, үгүй ч бай, анхны чинь хайр хэн болохыг би мэднэ. Чи үүнийг уншиж чадах насанд хүрсэн л бол анхны хайртайгаа аль хэдийн учирсан гэсэн үг.

Хэрэв чи эмэгтэй бол чиний анхны хайр чиний аав, харин эрэгтэй бол ээж чинь. Харин аав ээжийнхээ тухай мэдэхгүй бол 2-5 насанд чинь чамтай хамгийн ойр байсан эсрэг хүйсний хүн бол чиний анхны хайр.

Энэ насанд хүн хамгийн анх дурлаж, хайрыг мэдэрдэг байна. Магадгүй ийм л болхоор хөвгүүд ээжид, охид аавдаа харьяалагддаг байх. Миний хувьд би өвөөгийн "нүд, чих, бүх юм" нь байлаа. Энэ насандаа эрэгтэй хүүхэд ээжийгээ, охин хүүхэд аавыгаа бусдаас харамлах нь эрс ихсэж, өмчирхөн, бүр зарим тохиолдолд ээж, аавтайгаа ч харддаг байна. Ийм л учираас аавууд охидынхоо анхны ханхүү, хүүгийнхээ анхны супер баатар нь байдаг, ээжүүд хүүгийнхээ анхны үлгэрийн гүнж, охиныхоо шидэт дагина нь байдаг гэдэг үг гарсан бизээ. Гэхдээ энэ яах аргагүй үнэн үг юм.

Харин том болохын хирээр хүүхэд байдлыг ойлгож тэрхүү хайр нь эцэг эхээ гэсэн хайр болж хувирдаг байна.

Хүн ер нь дурлахдаа хоорондоо төстэй хүмүүст татагддаг. Яахав зарим талаар тэс ондоо учираас дурлах тал ч бий. Гэхдээ л сайн анзаарвал нийтлэг хэдэн чанар миний дурлаж байсан хүмүүст бүгдэд нь бий. Тэр чанар нь миний анхны хайрын үндсэн чанар байдгийг би сүүлд мэдсэн юм. Өөрөөр хэлбэл, миний өвөөтэй адилхан зан чанартай хүмүүс юу юунаас илүү намайг татдаг байж. Гэхдээ тэр бүгд миний заяаны хань гэсэн үг биш шүү дээ. Учир нь заяаны хань гэдэг бол цор ганц гэсэн үг.

Ийм заяаны ханиа олж чадвал амьдрал аз жаргалтай, ойлголцоход илүү хялбар байх болно. Учир нь хосууд гэрлэж, хамтын амьдралаа эхлүүлээд цуг байгаад ирхээр хамгийн хүнд үетэйгээ тулгардаг. Энэ бол 2 өөр гэр бүлд өсөж, 2 өөр хэв маягт дассан хүмүүс нэг гэрт орж, зохиоцох, дасах, өөрийгөө болон ханиа засаж залруулах, шинэ дадал зуршил гэх мэт тоймгүй их асуудал, замбараагүй байдалд ордог. Мөн эцэг эх, хамаатнуудын харилцаа, шаардлага гээд өөрсдөөс үл шалтгаалах асуудал ч гардаг болхоор зарим гэр бүлүүд энэ бүхэн дээр тэвчиж, зохицож чадаагүйгээс салцгаадаг. Ингэхээс ч өөр арга үгүй ч байж болно. Учир нь тэд заяаны хосууд биш юм.

Энэ бүх асуудлыг даван туулахад нөгөө аавтай адил, ээжтэй ижил чанарууд хамгийн их нөлөөтэй. Нэгэнт гэр бүлийн хэн нэгтэй төстэй байна гэдэг ойлголцоход илүү хялбар болгодог байна. Ийм л учираас бүгд цаанаасаа тийнхүү тохируулагдсан байдаг. Учир нь аавтай чинь ээжтэй чинь маш төстэй хүн энэ хорвоод тийм олон байна гэж үү?

Дараагийн нэг анхаарах зүйл бол хани болох хүний чинь гэр бүлийн уур амьсгал. Нөхөр болох хүн чинь ээждээ хэрхэн хандаж байна вэ? эхнэр болох хүн чинь аавдаа яаж хандаж байна вэ? чамд түүнээс илүү хандана гэж горидолтгүй. Мэдээж эхний гал халуун үед хууртаж болохгүй. Энэ байдал цаашдаа хэрхэн үргэлжлэхийг чи түүнийхээ гэр бүлээс нь л харж болно. Бас аав ээж хоёр нь хоорондоо хэрхэн харилцдаггийг нь анзаараарай. Учир нь ханиа хэрхэн хайрлаж, халамжлахыг тэднээс л сурсан байгаа. Тэгээд хамаатнууд дундаа хир нэр хүндтэйг нь мэдвэл зүгээр. Учир нь тэд бол хамгийн шудрагаар түүний хэн болохыг чамд таниулж чадна. Эцэг эхэд хүүхэд нь дандаа л хайр татам харагддаг бол хамаатан садангууд бол эцэг эх шиг нь түүнийг чинь мэддэг ч илүү шудрагаар түүнтэй харьцах хүмүүс юм.

За хамгийн сүүлд найз нөхөд дунд нь ороод үз. Тэднийхээ дунд ямар байр суурьтай, үүрэг рольтой байна вэ? Хань чинь мөн л чиний найз болох хүн шүү дээ. Нөхөд нь түүнд хир итгэж байна вэ? Түүний юуг хамгийн их үнэлэж, юуг нь шоглож байгааг анзаар. Энд л чи ханиа яг байгаагаар нь нүцгэнээр нь харах боломжтой. Учир нь чамтай хоюулханаа байхдаа тэр өөрийн эрхгүй баг зүүж, эцэг эх гэр бүлдээ тэр биеэ дээд зэргээр хянаж даруухан байх болно.

Ингээд бүх зүйл нь чамд таалагдаж байвал түүнд итгэж болно гэсэн үг. Харин хаа нэг зүйл нь таалагдаагүй ч дурласан сэтгэлээрээ өөртөө түүнийг өмөөрөх ямар нэг шалтгаан гаргаж ирээд, түүнийгээ өөртөө итгүүлж, түүнийг сонгох гэж байгаа бол ирээдүйд чамаас төдий чинээний хичээл зүтгэл, тэвчээр шаардах болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ тийм муу зүйл биш бөгөөд ХАЙР бүхнээс хүчтэй шүү дээ.

Эцэст нь хэлэхэд: Аавуудаа та охиныхоо ирээдүйн ханийг ямар байлгахыг хүсэж байна. Танд түүнийг шийдэх боломж бий шүү.

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л