Хайрын тухай

Хамгийн том сэдвүүдийг бичээд эхэлж л байя.
Хорвоо дээр 3хан сэдэв л оршдог гэдэг. Хайр, мөнгө, алдар хүнд. Бидний бүх л яриа зөвхөн энэ гурван сэдэвийн дотор эргэлдэж, энэ гурваар л амьдардаг гэнэ. Энэ нь үнэн эсэх нь одоогоор хамаагүй л дээ. Гагцхүү ХАЙР гэж яг юу болох, ямар байх ёстой талаар бодоогүй, хайгаагүй хүн  байхгүй бизээ. Би ч энэ талаар өөрийн бодол тайлбараа бичих гэсэн юм.
Хэн нэгэнд хэрэгтэйгээ мэдэрч, бас хэн нэгэн хүн чамд хэрэгтэйг мэдрэх. Хайр гэдэг хос зүрхийг нийлүүлээд хэлдэг болохоос нэг нь нөгөөдөө татагдсан хирнээ нөгөөх нь татагдаагүй бол энэ хайр биш. Магадгүй үүнийг дурлал, шохоорхол гэдэг биз. Хайр нь дурлалаас үүгээр л ялгаатай. Надад бол аль ч тохиолдолд яг адилхан мэдрэмж төрөхөөр боловч миний дурласан хүн надад хайргүй бол энийг дурлал гээд бие биедээ дурласан бол хайр гэх байх.
Эх, эцгийн хайрын тухайд уу? Мэдээж ээж, аавууд үр хүүхэддээ хамгийн сайн сайхныг хүсэж, хамгийн дээд бүхнээ тэдэндээ зориулдаг шүү дээ. Үүний хариуд хүүхдүүд ч бас бидэнд аз жаргал бэлэглэж, өөрсдөө эцэг эх болсныхоо дараа аав ээжийгээ улам сайн ойлгож хайрладаггүй гэжүү? Ийм хайранд өсөөгүй, эсвэл эцэг эхээ хайрладаггүй хүмүүс бий, энэ нь эцэг эх нь тэднийг хайрлаж чадаагүй л гэсэн үг. Хүүхдээ буруу эрхлүүлэн эвдэх нь хайр огтоосоо ч биш, харин "залхуурал" гэвэл илүү таарах байх. Учир нь хүүхэдтэйгээ харьцах, түүнийг ойлгох, түүнд зааж өгөх, түүний арга эвийг олохоос залхуурч амар хялбар аргацаах зам хайрсаар хүүхдээ эвдэж орхидог.
Ах дүүгийн хайр ч мөн л хоёр талаасаа нийлнэ. Эс бөгөөс дээрэлхэх, дарамтлах гэсэн харьцаагаар л нэрлэгдэх юм шиг.
Найз нөхөд бол үүнийг хамгийн тодорхой жишээ. Хэн хэнийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж, харилцан түшилцэх гэж л найз нөхөд байдаг биш гэжүү?
Хайр бол хос зүрхний нэр. Жинхэнэ хайр хэзээ ч бүтэлгүйтдэггүй. Жинхэнэ хайраас болж хэн ч хэзээ ч шархалж байгаагүй. Хүн хувиа хичээсэн араншингаасаа л шархалж, шаналдаг шүү дээ.

Хайрын тухай өөр маш олон зүйл бий....

Comments

Popular posts from this blog

From Banjig blog

Нууц амраг

Зүгээр л